Хөрөнгийн зах зээлийн хөрсөнд ургах үр

Б.Энхцэцэг

Жилийн дөрвөн улиралд, цаг агаарын хүнд ширүүнийг үл хайхран хар захын задгай талбайд өөрийн урласан модон сийлбэр эдлэлүүд, төрөл бүрийн тавилга, монгол гэрээ чанга дуугаар хашгиран сурталчилж, хэрэглэгчдэд хүргэдэг залуу н.Болд хэдэн жилийн дараа жижиг хэмжээний үйлдвэртэй болохыг мөрөөддөг. Тэрбээр магадгүй Монголыг дэлхийд таниулах брэндүүдийн нэгийг бий болгосон, олон нийтэд хувьцаагаа гаргаж үйлдвэрлэлээ тэлсэн жишиг компаниудын нэгийг ч байгуулж мэдэх. Өнөөдрийн “магадгүйд” маргаашийн бодит байдал нуугдаж л байдаг.

Манай улсын олон бизнес эрхлэгчид үйл явц нь арай хялбар гэдгээр нь банкнаас зээл авч, үйл ажиллагаагаа тэлэхийг илүүд үзнэ. Гэвч үүний нөгөө талд зээлийн хүүгийн эрсдэл, эргэн төлөлт, валютын ханшийн зөрүү гэх мэт эрсдэлүүд биднийг отож байдаг. Өнөөдөр монголчууд төдийлэн зүрхэлж ашигладаггүй   хөрөнгө оруулалт татах бас нэг санхүүгийн арга хэрэгсэл бий. Энэ бол IPO буюу хөрөнгийн зах зээл дээр үнэт цаас гаргах. Тус санхүүжилтийн арга нь банкны зээлтэй зэрэгцэх үнэ цэнэтэй ба зарим талаар илүү ашигтай хувилбар. Энэ төрлийн хөрөнгө оруулалт нь урт хугацааны бөгөөд хүүгүй байдаг. Гэсэн ч цөөн захирлууд үүнийг сонгодог нь харамсалтай. Анхдагч зах зээл дээр үнэт цаас гаргах нь тэшүүрээр гулгахтай адил үйл явц гэж хэлж болох. Хэрвээ танд тодорхой хэмжээний ур чадвар, цаг хугацаа, бэлтгэл бас бага зэргийн аз байваас хөрөнгийн зах зээл дээр үнэт цаас гаргах нь хүлээж байснаас чинь ч илүү өндөрт хурдтай гаргах болно. Харин цагаа олоогүй, бэлтгэл тааруу яаран хөрөнгийн зах зээл дээр орж ирвээс, аз таниас харьж, шороотой холилдох эрсдэл өндөр.

Гаднын жишээг ярихаас илүү Монголын хөрөнгийн биржийн босгыг алхаж, үнэт цаасаар дамжуулан үйл ажиллагаагаа тэлж, зах зээлийн үнэлгээгээ нэмэгдүүлсэн цөөнгүй компани байдаг. Тухайлбал, “Би Ди Сек” компани нь анх 2006 онд Монголын хөрөнгийн биржийн анхдагч зах зээл дээр үнэт цаасаа гаргасан бөгөөд тухайн үед олон нийтээс татан төвлөрүүлсэн нийт хөрөнгө нь ердөө 750 сая гаруй төгрөг байсан аж. /Хүснэгт 1/ Тухайн үед зах зээлийн үнэлгээ нь нэг тэрбум төгрөг байсан бөгөөд түүнээс хойш хоёр удаа нэмэлт хувьцаа гаргасан тус компанийн одоогийн үнэлгээ 27.4 тэрбум болтол өсөөд байгаа юм. “Би Ди Сек” компанийн дараа буюу 2008 онд хувьцаагаа гаргасан “Гермес центр” ХК тухайн үед 2.3 тэрбум төгрөгийн хөрөнгийг Монголын хөрөнгийн биржээс босгожээ. Тэр үед тус компанийн зах зээлийн үнэлгээ 7.8 тэрбум гаруй төгрөгөөр хэмжигдэж байсан бол өнөөдөр хоёр дахин өсөж 14 тэрбум гаруй болжээ. Дөрвөн жилийн өмнө тус компанийн хувьцааны ширхэгийн нэрлэсэн үнэ нь 100 төгрөг байсан бол одоо 180 төгрөг орчимд хэлбэлзэж байна. Гэхдээ өнөөдөр Монголын хөрөнгийн зах зээл дээр хувьцаа гаргасан нийт компаниуд бүгд амжилт дагуулсан гэвэл худлаа. Угаас дэлхийн түүхэнд ч хувьцаа гаргасан бүхэн хождог гэсэн жишиг байхгүй. Гэсэн хэдий ч Монголын хөрөнгийн биржийн арилжаа өдгөө ч олигтой сэргэсэн зүйл алга.

Монголын хөрөнгийн бирж дээр 2006 оноос хойш нийт 12 компани үнэт цаас гаргасан бөгөөд тэдний нийт зах зээлийн үнэлгээ 2008 онд 79 тэрбум байсан бол өдгөө дөрвөн жилийн дараах байдлаар 102 тэрбум болоод байгааг Монголын хөрөнгийн биржийн тайлан харуулж буй. Энэ нь хэдийгээр бусад орны хөрөнгийн зах зээлтэй харьцуулахад чамлахаар тоо ч уруудаж буй гэсэн үзүүлэлт бол биш. Харин өндийх боломж буйн дохио.


“Эхний ээлжинд гаднынхан түлхүү хөрөнгө оруулалтын санг сонирхох нь дамжиггүй. Тухайлбал, алт, үл хөдлөх, хувьцаа, Засгийн газрын бондод хөрөнгө оруулах хувийн хөрөнгө оруулалтын сангууд байгуулах талаас тэд сонирхож байна. Гэвч манай улсын хөрөнгө оруулалтын орчин тогтворгүй, макро эдийн засгийн үзүүлэлтүүд тааруу байгаагаас тэд эмээгээд байгаа нь харагдаж байна”


Энэ онд “БиДиСек” компани нэмэлт хувьцаа гаргасныг эс тооцвол сүүлийн хэдэн жил төдийлэн томоохон IPO хийгдээгүй. Монголын компаниудын хувьд ч эдийн засаг хүндэрсэн энэ үед энэ талаар бодох ч сөхөөгүй байгаа бололтой. Гэвч нэг талаар үнэт цаас гаргаж, олон нийтэд хүртээмжтэй компани болох бэлтгэлийг ийм л цаг үед хийдэг ба цаг үеийн тохироо бүрдэнгүүт ажил хэрэг болгох нь зүйтэйг мэргэжилтнүүд хэлдэг.

Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга Т.Жамбаажамц “Олон нийтэд хувьцаа болон бусад төрлийн үнэт цаас гаргахад хууль тогтоомж, зохицуулалтын хувьд одоо үнэт цаасны зах зээлд саад гэхээр зүйл байхгүй” гэв.
Хөрөнгийн зах зээлийн хөрс болох Үнэт цаасны тухай хуулийг өнгөрсөн онд шинэчлэн баталж, энэ оны эхнээс хэрэгжүүлж эхэлсэн. Тус хууль нь Монголын хөрөнгийн зах зээлийн хувьд олон гарцыг нээж өгч, зах зээлийн шинэ үйлчилгээ, бүтээгдэхүүн тухайлбал, кастадион үйлчилгээ, давхар бүртгэл, хадгаламжийн бичиг /DR/ зэргийг нэвтрүүлэх боломжийг олгосон. Үүнтэй холбогдуулан үнэт цаасны хадгаламжийн үйлчилгээ буюу кастадион үйлчилгээг тусдаа байгууллага байгуулахын оронд тодорхой банкинд хариуцуулахаар болсон билээ. Одоогоор тус үйлчилгээг үзүүлэх эрхийг “Голомт” болон “Худалдаа Хөгжлийн” банк авсан бөгөөд техникийн бэлтгэл ажлыг хангаад явж байгааг Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ. Харин дотоодын болон гаднын биржид давхар бүртгүүлэх боломжийн хувьд том нөөц боломж байгаа ч одоохондоо хараахан ашиглаж эхлээгүй байна.

Үнэт цаас гаргах сонирхолтой компаниудын хувьд нэг талаас хувьцааг нь худалдаж авах хөрөнгө оруулагчид байгаа болов уу гэх айдас байдаг. Харин тус зах зээлд гэгээ татуулж мэдэх хуулийг өнгөрсөн жил УИХ баталсан. Хөрөнгийн зах зээлийн томоохон тоглогчдын нэгт тооцогддог хөрөнгө оруулалтын сангууд нь мэргэжлийн хүмүүсээр удирдуулсан байдаг учир алдаа гаргах нь ч ховор. Тиймээс хөрөнгийн зах зээл дээр бие даан тоглох боломж дутмаг хүмүүсийн хувьд тус төрлийн сангууд нь сонгодог хувилбар болдог онцлогтой. Мөн гаднын орнуудад тэтгэврийн хувийн сангууд нэлээд түгээмэл бөгөөд хүмүүс ашиглагдахгүй сул хэвтэж байдаг уг мөнгөө эргүүлдэж, насны эцэс дэх амьдралаа баталгаажуулах нь элбэг. Бидэнд ч энэ боломж бүрэн бий. Хууль батлагдснаас хойш төдийлэн хөрөнгө оруулалтын сан гээд тоймтой байгууллага бүрэлдчихээгүй байгаа ч тус бизнесийг сонирхох хүн цөөнгүй байгаагийн зэрэгцээ хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах эрхтэй хөрөнгө оруулалтын менежментийн хоёр компани байгуулагдаад байгаа юм байна. Аливаа шинэ бүхэнд хугацаа бас бэлтгэл хэрэгтэй. Ямартай ч бид хөрөнгийн зах зээлийнхээ тоглогчдынхоо хүрээг тэлж чадсан.

Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга Т.Жамбаажамц “Эхний ээлжинд гаднынхан түлхүү хөрөнгө оруулалтын санг сонирхох нь дамжиггүй. Тухайлбал, алт, үл хөдлөх, хувьцаа, Засгийн газрын бондод хөрөнгө оруулах хувийн хөрөнгө оруулалтын сангууд байгуулах талаас тэд сонирхож байна. Гэвч манай улсын хөрөнгө оруулалтын орчин тогтворгүй, макро эдийн засгийн үзүүлэлтүүд тааруу байгаагаас тэд эмээгээд байгаа нь харагдаж байна” хэмээлээ.

Харин одоо юу хэрэгтэй байна вэ гэвэл хөрөнгийн зах зээл дээр зарагдах бүтээгдэхүүн хэрэгтэй. Хувийн хэвшлийнхэн төдийлэн зүрхэлж орж ирэхгүй байгаа энэ үед Төрийн өмчит компаниудыг хөрөнгийн биржээр хувьчлах нь одоогийн нөхцөлд нэг талаас хөрөнгийн зах зээлийг дэмжиж, хөрөнгө оруулагчдыг татах, нөгөө талаас төрийн өмчийн эзэмшлийн хувь хэмжээг багасгах, түүнийг үнэ хүргэж зарах гэсэн зорилтод нийцэж буй сайн хувилбар гэж үзэх хүн олон. Харин 2014-2016 онд хувьчлах төрийн өмчит 22 компаниас ердөө дөрөвхөнийг нь л хөрөнгийн биржийн анхдагч зах зээлээр олонд нээлттэй арилжаална гэж заасан байгаа. Энэ нь нэг талаас горьдлого тээн харуулдсан хөрөнгийн зах зээлийнхний хувьд гонсойлт болж хувирсан. Харин энэ тал дээр Төрийн өмчийн хорооны Бүтцийн өөрчлөлтийн бодлогыг хэрэгжүүлэх газрын дарга Д.Болормаа “Бид зарим компанийг хамтарсан, хөрөнгө оруулалт татах хэлбэрээр төрийн эзэмшлийн хувь хэмжээг нь багасгах гэж байгаа. Компаниудын үнэ цэнийг өсгөж байж, цаашид хувьцаат компани болгох нь зүйтэй. Өнөөдөр дампуурлын ирмэгт тулчихсан, засаглал муутай, технологийн шинэчлэл хийх шаардлагатай компанийг шууд үнэт цаас болгоод гаргавал ямар ч үр дүнд хүрэхгүй. Өөрөөр хэлбэл, үнэт цаасыг нь авах хөрөнгө оруулагч олдохгүй” хэмээн тайлбарласан юм. Ирэх оноос хувьчилахаар төлөвлөж буй дөрвөн компанийн хувьд үнэт цаас болгон гаргахад шаардлага хангасан засаглал сайтай компаниуд гэж үзэж сонгосон гэдгийг тэрбээр мөн хэллээ. Эдгээр компанид “Авто импэкс”, “Хөтөлийн цемент шохойн үйлдвэр”, “Монгол шуудан”, “Багануур” ХК зэрэг багтаж  байна.

Хөрөнгийн зах зээл зөвхөн төрийн компаниудыг хараад суухгүйгээр хувийн хэвшлийнхнийг татан оролцуулах тал дээр идэвхийлэх нь зүйтэй. Энэ бол гол тулгуур. Тиймээс үнэт цаас гаргахыг дэмжих үүднээс холбогдох мэргэжилтнүүдээс УИХ-д цаашид үнэт цаас гаргасан компанийг бодлогоор дэмжиж дунд хугацаанд шатлалтайгаар татвараас чөлөөлөх хөтөлбөрийг өргөн барьчихаад байгаа юм байна. Үнэт цаас гаргасан компаниуд өнөөдөр ашгийн 10, 25 хувийн татвар төлдөг. Үнэт цаас гаргасан тохиолдолд үүнийг удаах гурван жилд 100 хувь, түүний дараагийн гурван жилд 50 хувь хөнгөлөх гэх мэт хөнгөлөлт эдлүүлэхээр зорьж байгаа аж.

Энэ тал дээр “БиДиСек” компанийн гүйцэтгэх захирал Д.Даянбилгүүн “25 хувийн татвар чангадаад байгаа юм биш. Хөрөнгийн зах зээл рүү компаниудыг татъя гэвэл урамшуулал хэрэгтэй. Яагаад энэ зах зээлд орж ирэх ёстой вэ гэдэг асуултад ийм давуу тал, боломж байна гээд тодорхой хариулт өгч, таатай орчинг санал болговол компаниуд үнэт цаасаа гаргана” гэж хэлж байна. Мөн тэрбээр тус зах зээлийн татварыг тэглээд хөрөнгийн зах зээл гаднын хөрөнгө оруулагчдад таатай орчин мөн цаашид тогтвортой байна гэдгийг зарлачихвал гаднын хөрөнгө оруулагчид Монголын компанийн хувьцааг гаднын аль нэг биржээс авах уу эсвэл Монголоос авах уу гэдэг шийдвэрийг жинлэж, манайх руу хандах боломж үүснэ гэсэн юм.

Олон компаниудын амжилтын үндсийг байгуулагчийнх нь авьяас, аз болон үзүүлж буй үйлчилгээ бүтээгдэхүүнийх нь оновчтой ба хүртээмжтэй байдал зэрэгтэй холбон тайлбарладаг. Гэвч хөрөнгө оруулалтын тохиромжгүй хувилбарыг сонгосноор компанийн ирээдүй бүдгэрч, өсөлт үлэмж хэмжээнд хазаарлагддагийг санхүүгийн мэргэжилтнүүд баталсан байдаг билээ.
Монголын үнэт цаасны зах зээлд хөгжил, хөшүүрэг бий болж байгаа ч улам бүр эрчимжүүлэх бодит хөрс хэрэгтэй байна.

эх сурвалж: http://www.mongolianeconomy.mn/